Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ

Хуваалцах:
Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ

Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг арван хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээллээ. Тэрбээр " Монгол Улсын эрчим хүчнийх бол суурь салбар. Энэ салбарт бий болсон асуудлыг цагт нь шийдээгүйн улмаас олон асуудал ужгирсан. Тиймээс энэ салбарт нэг, гурав буюу нэг бодлого, гурван бодлого, есөн ажил гэж томъёолоод шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж байна. Манай салбарт 17800 хүн ажилладаг. Үүний 11638 нь хорин долоон төрийн өмчит компанид ажиллаж байгаа. Энэ долоо хоногт эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогыг гаргана. 

Эрчим хүчний салбарт үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Тэд цалингаа 30 хүртэлх хувь нэм гэдгийг шаардаж байна. Ажил хаях тухай ярьж байна. Энэ бол эрчим хүчний салбарт гарч байгаагүй тохиолдол. Манай салбарт төрийн өмчит 27 компани болон хувийн хэвшил ажилладаг. Тэдгээрийн цалинг салбарын сайд мэдэж тогтоодоггүй. Тухайн компаниуд үр ашигтай ажилласан эсэхээс хамаарч, цалин урамшуулал тогтдог. Гэсэн ч бид байгаа боломжоо ашиглаад цалингийн санг арван хувиар нэмэгдүүлэх шийдвэртэй байна. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Захирал, захиргааны ажилчид, арын албанд ажилладаг хэсгийн ажилчдын цалинг нэмэхгүй. Харин ажлын талбарт, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчдын цалинг нэмнэ. Үүний тулд тодорхой тооцоо хийх хэрэгтэй. Манай салбарын дундаж цалин гурван сая 747 мянган төгрөг. Улсын дундаж цалин хоёр сая 989 төгрөг байна. Түүнчлэн цалингийн системийг шинэчлэх, илүүдэл орон тоог цомхотгох, үр агшийг дээшлүүлэх бодлого баримталж байгаа. 

Ойр зуурын, жижиг явуулгад авталгүйгээр ажлаа чин шударгаар хийгээд ард нь гарвал бидэнд боломж байна. Ажил хаях, ажлыг орхих зэрэг шаардлагагүй, цаг үеэ олоогүй тэмцэлд автахгүйгээр дор бүртээ ажил үүргээ ухамсартай хийхийг уриалж байна. Төсвийн байгууллага биш. Тиймээс иргэдээс цуглуулж байгаа төлбөр тооцооны арван хувийг цалин нэмэхэд зарцуулна гэсэн үг. Гэхдээ хавтгайруулж нэмж болохгүй. Цалингийн нэмэгдлийг долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх