
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ТӨҮГ-уудыг нийтийн үйлчилгээний байгууллагад нэгтгэж, өөрчлөн зохион байгуулна. Энэ дагуу 65 ТӨҮГ-аас 25-ыг нь татан буулгахаар шийдвэрлэсэн. Тухайн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтыг өөрчилснөөр жилд 25-30 тэрбум төгрөг хэмнэнэ гэж харж байгаа. Зарим ТӨҮГ-ыг төрийн байгууллагын чиг үүрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын төсвөөс санхүүждэг улсын 39 ТӨҮГ жилдээ 153 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг" гэв.




