Австри улсад 14-өөс доош насны охидыг толгойн алчуур зүүхийг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ

Хуваалцах:
Австри улсад 14-өөс доош насны охидыг толгойн алчуур зүүхийг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ

Австри улсад хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 14-өөс доош насны охидыг сургууль дээр толгойн алчуур зүүхийг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ. Энэхүү хуулиар тус улсын төрийн болон хувийн сургуулиудад хижаб, бурка зэрэг мусульман шашны уламжлалт толгойн алчуур, бүрхүүлийг зүүхийг хориглож байна. Консерватив үзэл баримтлалтай Ардын намын (ÖVP) гишүүн, Нийгмийн нэгдлийн асуудал хариуцсан сайд Клаудиа Бауэр толгойн алчуурыг дарангуйллын шинж тэмдэг бөгөөд охидыг бага наснаас нь хянах хэрэгсэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Харин шүүмжлэгчид энэхүү шинэ хууль нь тус улсад мусульманчуудын эсрэг үзэл бодлыг дэврээж, Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна. Энэхүү хуулийг консерватив үзэлтэй Ардын нам (ÖVP), Социал-демократ нам (SPÖ) болон либерал үзэлтэй Neos нам гэсэн төвийн чиг баримжаатай гурван намын эвсэл санаачилсан байна. Тэд уг хуулийг жендерийн тэгш байдлыг хангах тодорхой алхам бөгөөд охидын эрхийг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байна. Австри дахь Исламын шашны албан ёсны байгууллага (IGGÖ)-ын төлөөлөгч Карла Амина Багхажати ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа тус байгууллага энэхүү хоригийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

IGGÖ байгууллага нь үндсэн эрх нь зөрчигдөж байна гэж үзэж, асуудлаа Үндсэн хуулийн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй охид болон тэдний гэр бүлийнхний хуулийн дагуух тэмцлийг дэмжихээ мэдэгдэв. Шинэ хоригийн дагуу, хэрэв багш нар сурагчийг толгойн алчууртай байхыг харвал тухайн сурагч болон түүний хууль ёсны асран хамгаалагчтай цуврал яриа өрнүүлж, хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Хэрэв зөрчил давтагдвал хүүхэд хамгааллын албанд мэдэгдэх шаардлагатай бөгөөд эцсийн арга хэмжээ болгон асран хамгаалагчдад 800 евро (685 фунт стерлинг) хүртэлх хэмжээний торгууль ногдуулж болзошгүй юм.

https://www.bbc.com/news/articles/cwyz74xn8q8o


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих