
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас тус улсад ажиллах хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулсан 70 мянган ам.долларын хураамж авах саналыг лхагва гарагт танилцуулжээ. Энэ нь гадаад оюутнуудын тоог хязгаарлах чиглэлээр Трампын засаг захиргаанаас авч хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн арга хэмжээ юм. Санал болгож буй журмын дагуу сургуулиуд "OPT" (Optional Practical Training) буюу мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрт хамрагдаж буй оюутан бүр уг хураамжийг төлөх шаардлагатай болох юм. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад суралцах хугацаандаа эсвэл төгссөнийхөө дараа өөрсдийн мэргэжилтэй холбоотой ажил эрхлэх боломжийг олгодог.
Оюутнууд ихэвчлэн сургуулиа төгссөний дараа нэг жил ажиллах эрхтэй байдаг ч шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (STEM) чиглэлээр суралцсан оюутнууд нэмэлтээр хоёр жил ажиллах боломжтой байдаг. Сургуулиуд шинэ оюутны хөтөлбөрт хамрагдах анхны өргөдөл тус бүрд 70 мянган ам.доллар, харин хөтөлбөрийн хугацааг сунгах тохиолдолд 30 мянган ам.долларын хураамж төлөх шаардлагатай болох ажээ.
Энэхүү өөрчлөлт нь сургалтын төлбөрийн орлогын эх үүсвэр болгон гадаадаас оюутнуудыг их хэмжээгээр элсүүлдэг Америкийн коллеж, их сургуулиуд, мөн олон улсын оюутнуудыг техникийн ажилд авдаг технологийн компаниуд болон бусад салбаруудад хүндхэн цохилт болохоор байна. Oлон улсын боловсролыг төлөөлдөг холбоо болох NAFSA-ийн гүйцэтгэх захирал Фанта Ау хэлэв.
"Олон улсын оюутнуудын авьяас чадвар, хэтийн төлөв, хүсэл эрмэлзлийг үгүй хийх нь Америкийн инноваци, эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний хөгжил, дэлхийн манлайлалд л хор хөнөөл учруулна" гэжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлалыг таслан зогсоох, дээд боловсролыг өөрчлөх өргөн хүрээтэй хүчин чармайлтынхаа хүрээнд олон улсын оюутнуудад олон талаар дарамт үзүүлж байна.
Өнгөрсөн жил Бүгд Найрамдах намын засаг захиргаа мянга мянган олон улсын оюутнуудын хууль ёсны статусыг гэнэт цуцалж, тэдний олонхийг саатуулж, албадан гаргасан. Энэ зун засаг захиргаа холбооны засгийн газрын зөвшөөрөлгүйгээр олон улсын оюутнуудыг АНУ-д дөрвөн жилээс дээш хугацаагаар байлгахыг хориглох дүрмийг эцэслэн баталсан. Энэхүү алхам нь сургуулиудын ачааллыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж, олон хөтөлбөр нь дөрвөн жилээс илүү хугацаатай байдаг гэж тэмдэглэсэн дээд боловсролын удирдагчдын хүчтэй эсэргүүцлийг төрүүлэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу