УЛС ТӨРОнцлох

Л.Оюун-Эрдэнийн замаар Н.Учрал алхах уу...

Хуваалцах:
Л.Оюун-Эрдэнийн замаар  Н.Учрал алхах уу...

Төсвийн тодотголыг ид хэлэлцэж, улстөрчид, эдийн засагчид болоод сөрөг хүчний шүүмжлэл идэвхтэй өрнөж байсан энэ үед Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан задаргаа олон нийтэд ил болж, дуулиан тарилаа. Ерөнхий сайдаас эхлээд Сангийн сайд, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга гээд олон хүн асуудлаас хэрхэн цэвэр гарах вэ гэдэгт тархиа гашилгаж, цалин тэтгэвэр нэмж, рейтинг нь суга өсөөд байсан Ерөнхий сайдынхаа нэрэнд сэв суулгахвий гэсэндээ  элдэв арга сэдэж сууна. Хамгийн гол нь үгүйсгэсэн мэдэгдэл хийх бүрдээ бүдэрч, дахин нэг сэжүүрийг гаргаж ирж буй нь харамсалтай. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал мэдээллийг илтэд үгүйсгэн Ерөнхий сайд хүн арай ийм зүйлд хутгалдахгүй хэмээн томорч, анх уг мэдээллийг өгсөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга амнаасаа хэдэнтээ буцаж, эцэстээ тус сургуульд техник төхөөрөмжөө шинэчил хэмээн төсвөөс мөнгө өгье гэтэл аваагүй хэмээн булзаж сууна. Харин Сангийн сайд З.Мэндсайхан “Ямар шалгуураар нэр бүхий хувийн сургуулиудыг сонгосныг би мэдэхгүй, Сангийн яам ч мэдэхгүй. Мэргэжлийн яам нь мэднэ” хэмээн арьсаа хамгаалж сууна. Энэ асуудалд тайлбар хийх ёстой Боловсролын сайд нь гадаадад томилолтоор яваа  тул ийнхүү бие бие рүүгээ бухаж, Ерөнхий сайдынхаа өмнө нэр цэвэр үлдэх гэж албан тушаалтнууд аргаа барж байна. Ерөнхий сайдын хувьд хутгасан бантангаа өөрсдөө цэвэрлээрэй хэмээн ихэд уурссан гэх мэдээлэл ч дуулдаж байна.    

Эцэст нь сөрөг хүчин Ардчилсан нам энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болсон нь дайран дээр давс нэмж орхив.

Ердөө ганцхан жилийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ тансаглалыг тайлбарлаж чадаагүйн улмаас Ерөнхий сайдын сэнтийгээсээ буусан. Харин  энэ удаад Ерөнхий сайд Н.Учрал ээж Н.Цэцэгмаагийнхаа нэр дээрх “Их Засаг Кингс Скүүл” сургуулийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэхийг санаархсан үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх нь анхаарал татаж байна.  Угаасаа дэнжигнэж буй Засгийн газар унах  нүхээ өөрсдөө ухчихав уу... Сөрөг хүчин сүүлийн үед сав л хийвэл Засгийн газрыг унагана, Ерөнхий сайдыг огцруулна хэмээн сүрдүүлэх болсон. Энэ нь ч биеллээ олж болзошгүй хүндхэн цаг хугацаатай Ерөнхий сайд Н.Учрал нүүр туллаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх