
Европын орнууд цэргээ Украин руу илгээх нь ОХУ-тай шууд мөргөлдөхөд хүргэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулсны дараа буюу бямба гарагт Украины нутаг дэвсгэрт Оросын цохилтын улмаас энгийн иргэд амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Баасан гарагт Энэтхэг улсад болсон хөгжиж буй эдийн засагтай орнуудын БРИКС (BRICS) бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд хандан үг хэлэхдээ Путин хэрэв Европын засгийн газрууд Украинд цэрэг илгээвэл энэ нь ОХУ-тай шууд дайтаж буй хэлбэр байх болно гэж мэдэгджээ. Европын зарим удирдагч энхийг сахиулах хүчин байгуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь Москвагийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж олонтаа мэдэгдэж ирсэн асуудал юм.
Мөн Путин Орос Европт ямар нэгэн аюул заналхийлэл учруулж байна гэх санааг үгүйсгэж, тийм аюул заналхийлэл байхгүй, өмнө нь ч байгаагүй гэж хэлжээ. Тэрбээр "Бид Европын орнуудад заналхийлээгүй, цаашид ч заналхийлэх бодолгүй байна" хэмээсэн байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ долоо хоногт Украин улс Польш болон Молдавтай хиллэдэг хил дээр гарсан хоёр ч тохиолдол нь Европын чиглэлд Украины хилийн боомтууд дээр Оросын зүгээс өдөөн хатгалга улам ширүүсэж болзошгүйг харуулсан урьдчилсан дохио байсан гэж мэдэгджээ.
Мягмар гарагийн шөнө Оросын дронууд Украин болон Молдова улсуудын хоорондох Старокозаче хилийн боомтод цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдсан бол лхагва гарагийн шөнө Польш-Украины хилийн боомтод тулгарсан шууд аюулаас Варшав, Киев хоёрын хамтын ажиллагааны ачаар сэргийлж чадсан гэв. Үүний зэрэгцээ Украин улс агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадвартай баллистик пуужин болон тийрэлтэт хөдөлгүүрт дронуудыг ашигласан Оросын агаарын довтолгооны эрчимжиж буй дарамт шахалтад өртөөд байна. Албаныхны мэдээлснээр, Москвагийн зүгээс өвлийн улирлын өмнө Украины эрчим хүчний сүлжээнд чиглүүлэн хийж буй эдгээр халдлага нь энгийн иргэдийн сэтгэл санааг унагах зорилготой ажээ. Украины Запорожье хотын орон сууцны бүсэд шөнийн цагаар Оросын дронууд цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн шархадсан гэж бүсийн тэргүүн Иван Федоров мөн мэдэгдсэн байна.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бямба гарагт мэдэгдэхдээ, Орос хэлэлцээ хийхэд бэлэн боловч Москвагийн зүгээс Украинд явуулж буй дайнаа тусгай цэргийн ажиллагаа хэмээн нэрлэдэг тэрхүү ажиллагааг хэлэлцээ хийх хугацаанд зогсоохгүй гэжээ. Харин Ерөнхийлөгч Трамп Путинтэй "маш сайн яриа" өрнүүлснээ хэлж, “Оросын удирдагч дайныг зогсоох хэлэлцээ хийхийг хүсэж байна. Хэрэв Зеленский ч бас хэлэлцээр хийхийг хүсвэл энэ нь маш сайн хэрэг болох байсан" гэжээ.
https://www.cbsnews.com/news/putin-warns-europe-sending-troops-ukraine/





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу