
Диана гүнжийн нэгэн үдэшлэгт өмсөж байсан даашинз дуудлага худалдаанд орох гэж байгаа ажээ. 1994 онд хунтайж Чарльз гэрлэлтийн хугацаандаа Диана гүнжид үнэнч бус байснаа телевизийн баримтат нэвтрүүлгээр хүлээн зөвшөөрсөн. Нэвтрүүлэг гарснаас хэдхэн цагийн дараа Диана гүнж тус даашинзыг өмсөж үдэшлэгт оролцсон нь хүмүүсийн анхаарлыг татсан юм. Хэвлэл мэдээллүүд уг хувцсыг хожим нь “өшөө авалтын даашинз” хэмээн нэрлэсэн.
Энэхүү даашинзыг ирэх 12 дугаар сарын 09-ний өдөр дуудлага худалдаанд оруулах бөгөөд 300 мянган ам.доллар үнэд хүрнэ гэж тооцоолж байна. Дуудлага худалдааны Sotheby's төвийн гар цүнх, загварын хэлтсийн дэлхийн захирал Морган Халими “Амьдралынх нь хамгийн сэтгэлзүйн дарамттай байсан үед Диана гүнж даашинзаараа дамжуулан хүчтэй мессеж илэрхийлсэн. Диана өмсөх хувцсаараа өөрийн түүхийг өгүүлж чадсан” гэжээ.
Энэ дуудлага худалдаа нь Диана гүнжийн хувцас хэрэглэл зарагдсан анхны тохиолдол биш ба 2023 онд Нью-Йорк хотод болсон Sotheby's-ийн дуудлага худалдаанд түүний нэгэн цамц өндөр үнээр зарагдаж байжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу