Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Бага хурлаа товлож, тус хурлаар нийслэлийн намын хорооны даргыг өөрчилж, Х.Нямбаатараас намын хороог авах асуудал ирэх өдрүүдийн халуун сэдэв болох нь. Х.Нямбаатар ойрын хугацаанд Тэргүүлэгчдийн хурлаа хийж, Бага хурлаа товлох уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь, тэрбээр эх орондоо байхгүй байгаа юм.
Х.Нямбаатар 2024 оны орон нутгийн сонгуульд намаа ялуулж, түүнийг нийслэлийн Засаг даргаар томилж байв. Харин тэрбээр өдгөө нийслэлийн Засаг даргын ажлаа өгч, хууль хяналтын байгууллагад шалгуулж буй юм.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар цахим хуудастаа "Хүргэн чинь сөөм газар ч чөлөөлөөгүй. Юу ч хийхгүй байгаа шүү. Тархи чинь хүрдэггүй юм гэхэд хүний эхлүүлсэн ажлуудыг зогсоолгүй үргэлжлүүлмээр. Хотын захиргаа авлига нэхсэн залуучуудын холбооны хэдэн нөхдөөр дүүрлээ. Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёс хугацаатай гэдгийг санаарай. Шүүмжилсэн болгонд хэрэг үүсгэж сошиалаар яллах та нарын хугацаа найман сарын дараа дуусна" хэмээсэн билээ.
Нийслэлийн МАН хороо 279 гишүүнтэй бөгөөд 80 орчим хувь нь намын дарга Х.Нямбаатарын багийнхан. Тиймээс Бага хурал хуралдсан ч олонх нь намын даргынхаа талд л шийдвэр гаргаж таарна гэдгийг эх сурвалжууд хэлж байна.