
МАН-ын Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, хоёр шийдвэр гаргасан байна. Үүнд, Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хийхээр тов тогтоосон бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Хотын дарга Б.Пүрэвдагва Канадад Х.Нямбаатартай уулзаж, Нийслэлийн МАН-ыг авах тохироо хийж, хурлын товоо тохирсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахимаар хөвөрсөн.
Харин Х.Нямбаатар шууд бичлэгтээ "Ирэх долоо хоногт хэзээ очихоо хэлнэ" хэмээн мэдэгдсэн юм.
Тэрбээр "Нэг хүний дэглэмийн эсрэг ганцаараа зогсож байна. Монгол Улсад дарангуйллын систем тогтсон. Тавдугаар сарын 11-нд намайг махны үнэ өсгөсөн гэх үндэслэлээр чөлөөлсөн. Түүнээс хойш би АТГ-т наймдугаар сарын 25-ныг хүртэл маш олон удаа очиж тайлбар, мэдээлэл өгсөн. Хэрэг үүсгээгүй байсан. Тэгээд гадагшаа сургуульд явахаа хэлсэн. Шагнал, шорон хоёроор нийгмийг удирдлаа гэдэг пост хийсний маргааш надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би очиж шалгуулна" гэсэн юм.
Ийнхүү Нийслэлийн намын хороогоо Х.Нямбаатараас авч Б.Пүрэвдагвад өгөх ажиллагаа эрчимтэй өрнөж эхэллээ.




