А.Ганбаатар: Иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Хуваалцах:
А.Ганбаатар: Иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Иргэдийн өмчлөлийн гарааш, автомашины зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж буй асуудлаар олон нийтийн дунд маргаан өрнөж, татвараас чөлөөлөх шаардлага тавиад байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан өргөдөл 100 мянга давсан бол Засгийн газраас өрхийн хэрэгцээний нэг гарааш, автомашины зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах чиглэл өгчээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Одоогийн зохицуулалтаар иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд хоёр хүртэлх ширхэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлдөг. Гэтэл авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд 0.6-2.0 хувийн татвар ногдуулж байгаа. Авто зогсоол сүүлийн жилүүдэд иргэдийн ахуйн хэрэглээний зайлшгүй хэрэгцээ болж, орон сууцны салшгүй хэсэг болон хөгжсөн. Тиймээс иргэний хувийн хэрэгцээнд ашиглаж буй автозогсоолыг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс ялгаж, татварын зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай.
Энэ хүрээнд иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг 2026 оны тавдугаар сараас боловсруулж эхэлсэн. Хуулийн төслийг есдүгээр сарын 11-нээс УИХ-ын цахим санал авах платформоор дамжуулан олон нийтэд танилцуулж, иргэдээс санал авсан. Мөн Засгийн газраас санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч одоогоор хариу ирүүлээгүй байгаа. Тиймээс хуулийн төслөө ирэх долоо хоногоос УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.
Харин энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар өрхийн хэрэгцээний нэг дулаан гарааш, автомашины зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болгожээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх