ҮХЦ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг хянаж байна

Хуваалцах:
ҮХЦ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг хянаж байна

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байна. Тус хуулийн 9.1.5-д УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоосон тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор, 9.2-т уг үндэслэлээр гишүүнийг эгүүлэн татах тогтоол гаргахаар тус тус заажээ.

Харин хуулийн 9.4-т эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд тухайн асуудлаар гишүүд саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эгүүлэн татахыг дэмжсэн тохиолдолд тогтоол баталсанд тооцохоор зохицуулсан байна.

Маргаан үүсгэгч иргэд уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн:

  • Нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсэг буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим;

  • Хорин есдүгээр зүйлийн гуравдахь хэсэг буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл, журам;

  • Дөчин долдугаар зүйлийн нэг дэх хэсэг буюу шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим;

  • Тавьдугаар зүйлийн хоёрдахь хэсэг буюу Улсын дээд шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж;

  • Далдугаар зүйлийн нэгдэх хэсэг буюу хууль, төрийн байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар маргажээ.

Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн гуравдахь хэсэгт УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэж шууд заасан байдаг.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон гишүүнийг эгүүлэн татахад УИХ-ын гишүүдийн ил санал хураалт, олонхын дэмжлэгийг нэмэлт нөхцөл болгосон нь Үндсэн хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байгаа эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх