Х.Нямбаатар одоо ир ээ!

Хуваалцах:
Х.Нямбаатар одоо ир ээ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаа өгөхөө мэдэгдлээ, Тамгын дарга нь өнөөдөртөө УИХ-д албажуулж уламжилна гэж мөн мэдэгдлээ. Ингээд Ерөнхийлөгчийн асуудал УИХ-ын асуудал болж байна, хуулийн дагуу. УИХ-ын гишүүд шийдэж дээ. Мэдээж чөлөөлөгдөх асуудлыг өөрөө тавьж байгаа болохоор тэр агуулгаар нь шийдэх болов уу гэж харах үндэстэй. 

Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, “Хүний санаанд оромгүй хэрэгт гүтгэсэн” гэдэг үгийг хэлнэ билээ. Хүний санаанд оромгүй хэрэгт гүтгэсэн болж таарах нь Х.Нямбаатар. Энэ агуулга голлон яригдаж байгаа учраас Х.Нямбаатарыг ирж, ярьсанаа нотлохыг шаардаж байгаа үйл явц нийгэмд ихээхэн өрнөж байна. Учир нь, Х.Нямбаатарын “огцор” гэсэн шаардлагыг Ерөнхийлөгч биелүүлчихлээ, тэгэхээр огцорсон даруйд нь очно гэсэн үгийг сануулж “ир” гэж байгаа ард түмний шаардлагыг буруутгах аргагүй юм. А.Үйлстөгөлдөр даргын мэдэгдлээс үзвэл Ерөнхийлөгчийн асуудлыг пүрэв гараг гэхэд нэг мөр болгочих бололтой юм. Тэгээд УИХ чөлөөлчихбөл Х.Нямбаатар, У.Хүрэлсүх хоёр хоёулаа ерийн иргэн болно гэдгийг Ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурдсан. Ерөнхийлөгч иргэн болж , чөлөөлөгдсөн ч түүний хамгаалалт буухгүй.

 Хуулиар хамгаалалтаа авсаар байх болно. Х.Нямбаатарт бол  ямар нэг хамгаалалт үгүй, Ерөнхийлөгчөөс буусан хүний хажууд жинхэнэ “нүцгэн иргэн”. У.Хүрэлсүхийн албаа өгсөнөөс үүдэх Монголын улс төрд сонирхолтой үйл явцууд өрнөнө. УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн эрх мэдлийг спикерийн ажилтайгаа хамт хэрэгжүүлэх нь. Шинэ Ерөнхийлөгч сонгогдтол тэр хүн лавтайяа төрийн нэг, хоёрдугаар даргын  эрхийг барьсан анхны хүн болох бөгөөд, түүний ноён нуруу, зарчим, улс төрийн соёлоос манай төр засгийн нуруу голлон хамаарах өдрүүд эхэлж байна. У.Хүрэлсүхийг бууж байгаагаа, чөлөөлөгдөж байгааг зарлахтай зэрэгцээд түүнийг буугаагүй, харин ч эргэн ирэх их сэдлээр ажлаа өгч байна гэдэг хар ихээхэн явж байх шиг байна. Үүнийг нийгэм сэрэмжлэх талаас хэлээд байна уу, улс төрийн уран тоглолт гэж зөвтгөөд байна уу гэдгээс үүдүүлээд сануулахад, хамгийн гол нь Х.Нямбаатарын ярьсан гэмт хэрэгт У.Хүрэлсүхийн холбогдол нотлогдох эсэхэд л нийгэм шударга шаардлагаа тавих ёстой юм. У.Хүрэлсүх бол “тийм хэрэг хийгээгүй” гээд байна, бас хүний санаанд оромгүй гэж тодотгосон. Хамгийн гол учир нь энд л байна.

У.Хүрэлсүх үнэхээр ийм хэрэг хийгээгүй бол тийм ноцтой хэрэгт гүтгэсэн Х.Нямбаатар хэрхэх нь хөөрхийлөлтэй. Тиймээс Х.Нямбаатар ирж Ерөнхийлөгчийг огцруулж, чөлөөлөгдөхөд хүргэсэн энэ “зартай” аянаа нэг мөр болгож, асуудлыг шийдэлцэх нь шударга ёсонд нийцнэ. Ардчилсан нам, түүний дарга О.Цогтгэрэлд нийгмийн нэг хэсэг оноо тавьж байхад, нөгөө хэсэг харин шинэ жүжиг эхлүүлэлцэж байна гэдгээр харж байгаа нь ив ил. Ер нь, АН-ын Монголын улс төр, ардчилал, ард түмний шударга ёсны хүсэл сонирхолд магадгүй хамгийн түүхэн үүрэг гүйцэтгэх өдрүүд мөн эхэлж байгааг ойлгоцгоох хэрэгтэй болов уу.  Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ гээд хүмүүс албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдэж.

Гэхдээ нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мөн ярьцгаажээ. Ерөнхийлөгчийн үйлдлийг дагасан улс төрийн энэ үйл явцууд, өдөр бүр сонирхолтойгоор өрнөх нь тодорхой. Хамгийн гол нь одоо Монголын ард түмний түгээмэл эрх ашигт нийцсэн л үр дүн, шийдвэрүүд УИХ, Засгийн газраас гарах нь хамгийн чухал. Х.Нямбаатар одоо ир ээ! Түүний зорилго биелчих шиг боллоо, одоо өөрийг нь ир ээ гэж шаардах нь зүй ёсных болчихлоо. Ийм “их хэрэг” мундраачихаад шүү дээ.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх