Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хиймэл оюун ухаан нэвтрүүлэх шилдэг төслийг 8 сая төгрөгөөр шагнана.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухааны шийдэл нэвтрүүлэх зорилгоор инновацын шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдааныг зарлалаа.
Тус уралдаанд эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн багш, судалгааны байгууллагын ажилтан, инженер болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож, төслийн саналаа ирүүлэх боломжтой юм.
Уралдааны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл, мөн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах цахим үйлчилгээний платформын төслүүдийг хүлээн авна.
Шилдэг төслүүдийг шалгаруулж, эхний гурван байрыг тус бүр найман сая төгрөг хүртэлх мөнгөн шагналаар урамшуулах юм.
Төслийн саналыг холбогдох материалын хамт 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны [**[email protected]**](mailto:[email protected]) цахим хаягаар хүлээн авна.
Материалыг “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нэрэмжит анхдугаар уралдаан” гэсэн хаягтайгаар илгээх бөгөөд хугацаа хоцорсон болон материалын бүрдэл хангаагүй төслийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70191007 дугаараас авах боломжтой.




