
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "Засгийн газрын хуралдаанаас коронавирусийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нөхцөл байдлын үеэр эдийн засгаа дэмжих бодлогын талаар тогтоол гаргалаа.
Энэ бол эдийн засагтай холбоотой хоёр дахь шийдвэр. Эхнийх нь хүнсний барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр хил дээр авагддаг татваруудыг хойшлуулж, энэ хэмжээгээр чөлөөлөх хуул-ийн төсвийг боловсруулж, УИХ-аар шийдвэрлүүлэх асуудал байсан. Өнөөдрийн хуралдаанаар 8-9 заалттай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Нэгдүгээрт, Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлохдоо эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл шаардлагыг ханган энэ ажлыг эхлүүлье гэдэг шийдвэр гаргалаа. Ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг зохицуулалт хийх чиглэлийг өгч байгаа.
Оюутолгойгоос гарч байгаа зэсийн баяжмал хэвийн гарч байгаа. Ариутгал, хорио цээрийг дэглэмийг сахиж ажиллаж байгаа. Яг тэр нөхцөлөөр уул уурхайн тээврийг үргэлжлүүлье гэж байгаа юм.
Хоёрдугаарт, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдол оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг зохицуулах хуулийн төслийг боловсруулах чиглэлийг өгсөн. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа ААН-үүд цаг хугацаандаа төлөөд явахад асуудалгүй. Харин тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь доголдож НДШ-ээ төлөхгүй хойшлогдож байгаа бол үүнд нь алданги, торгууль ногдуулахгүй байх эрхзүйн орчин бүрдүүлэх шийдвэр гарч байна.
Мөн энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдэд зориулагдсан.
Дээр нь улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол түүнийг улсын болон орон нутгийн татварын өртэй нийцүүлэн суутгана. Урсгал зардалтай холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдсэн. Улсын төсвийг тодотгохгүй” гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу