
Дэлхийн 35 лаборатори, хүрээлэнд коронавирусийн вакцин бүтээх туршилт судалгаа явагдаж байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцин бүтээхэд жил хагас хэрэгтэй гэж үзэж буй. Гэхдээ хэд хэдэн улсад хэдийнэ клиникийн туршилт эхлээд байна. АНУ-д “Kaiser Permanente Washington Health Research Institute”-ийн дэргэдэх Moderna эмнэлгийн туршилтыг гуравдугаар сарын 16-нд эхлүүлсэн анхны компани болсон. Туршилтын хүрээнд 18-55 насны 45 сайн дурынханд хоёр тунгаар хийжээ. Анхдагч нь mRNA-1273 гэж нэрлэгдэв. Moderna компанийн вакцинд өдөөгч байхгүй, зөвхөн генийн кодын хэсэг байгаа аж. Мөн вакцин бүтээхээр Америкийн “Arcturus Therapeutics”, “Johnson & Johnson”, “Inovio Pharmaceuticals in the US” компаниуд ажиллаж байна. Европт бол гол бүтээгчид нь Германы “BioNTech” болон “CureVac” гэсэн био эмийн хоёр компани . “CureVac” компани энэ зун өөрийн вакцины эмнэлгийн туршилтыг эхлэх гэнэ. Тэд коронавирусийн эсрэг вакцин бүтээхдээ вакцин болон био эм бүтээдэг Пауль Эрлихийн нэрэмжит холбооны хүрээлэнтэй хамтарч байна. “BioNTech” нь удахгүй клиникийн туршилтаа эхлүүлэх гэнэ. Их Британид “ChAdOx1” нэртэй вакцины эмнэлгийн туршилтыг ирэх сард хийж эхэлнэ. Уг анхдагч дээр Оксфордын эрдэмтэд ажиллаж байна. Энэ сард Солсбери дэх Портон-Даун лабораторид вакциныг амьтан дээр туршиж байгаа.
Туршилтын эхлэлийг ДЭМБ энэ сарын 18-нд мэдээлжээ. Харин БНХАУ таван төрлийн вакцин бүтээж байгаа аж. Хамгийн дорвитой ахиц үзүүлж байгаа нь Чень Вейний багийн вакцин гэнэ. Ардын чөлөөлөх армийн хошууч генерал, академич Чэнь Вэйнээр ахлуулсан судлаачдын багийн гарган авсан уг вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг дөрөвдүгээр сарын 12-нд эхлүүлжээ. Энэ нь туршилтынхаа хоёрдугаар үе шатанд орсон дэлхийн анхны вакцин юм. Чэй Вэнийн хэлснээр, одоогоор вакцинд сайн дураараа хамрагдсан хүмүүсийг ажиглаж байгаа бөгөөд хэрэв амжилттай болбол эмнэлзүйн туршилтын кодыг ирэх сард ил болгохоор төлөвлөж байгаа юм байна. Эмнэлзүйн туршилтын кодыг ил болгоно гэдэг нь судлаачид ямар эм хэрэгсэл вакцин хэрэглэсэн болохыг мэдээлэх үйл явц аж. Хятад, АНУ-ын хооронд хэн түрүүлж вакцин бүтээх вэ гэсэн гол өрсөлдөөн өрнөж байна. Хятадын хувьд вакцин бүтээх нь нэр төрийн хэрэг бөгөөд халдварын тархалтаас болон хэлмэгдсэн орнуудад тусламж үзүүлэн өөрийн нэр нөлөөг ихэсгэх сайхан боломж хэмээн The New York Times сонинд бичжээ. Хятад өөрсдийн мэргэжилтнүүдийг Европт илгээж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.
Тухайлбал Бээжин гуравдугаар сарын 18-нд хоёр сая амны хаалт, 50 мянган оношлуурыг Италид илгээсэн билээ.
Эх сурвалж: BBC





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу