МЭДЭЭОнцлох

ЦЕГ: Жагсагчдын зүгээс эсэргүүцэл үзүүлснээс 8 алба хаагч гэмтсэн

Хуваалцах:
ЦЕГ: Жагсагчдын зүгээс эсэргүүцэл үзүүлснээс 8 алба хаагч гэмтсэн

Энэ оны 11 дүгээр сарын сүүлээр цахим орчинд нэр бүхий иргэдийн зүгээс олон нийтийг эсэргүүцлийн жагсаал, цуглаанд уриалж, “Нэрсийг зарла, хөрөнгийг хураа” гэх агуулгатай мэдээллүүдийг идэвхтэй түгээж эхэлсэнтэй холбогдуулан 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа дагаж мөрдөх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан бөгөөд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулах нь хуулиар хориотой хэдий боловч, цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хүндэтгэлтэй хандаж, хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, тэгш байдлыг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас иргэдийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хугацаанд жагсаал, цуглаантай холбоотой цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн 1, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа 5, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 8 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Зөрчлийн шинжтэй 28 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 25-ыг нь шийдвэрлэж, ажиллагаанд 3 зөрчил байна.

Жагсаал цуглааны үед жагсагчдын зүгээс чулуу, гарын доорх бусад материалыг ашиглан эсэргүүцэл үзүүлснээс 8 алба хаагч гэмтэж, бэртсэнийг яаралтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүргүүлж, цагдаагийн 1 алба хаагчийн хамрын яс хугарсан тул Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэн, хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны үеэр гэмт хэрэг, зөрчлийн улмаас шалгагдсан иргэдийг албадан саатуулсан, цагдан хорьсон тохиолдол байхгүй бөгөөд мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх зорилгоор дотоодын шат шатны хяналтыг сайжруулах, Хүний эрхийн үндэсний комисстой мэдээ, мэдээллийг солилцон ажилласны үр дүнд хүний эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл гараагүй. 

Жагсаал, цуглааны нөхцөл байдалд дүгнэлт хийхэд өдөрт дунджаар 800-2500 орчим иргэд жагсаал, цуглаанд оролцож, энэ оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн давхардсан тоогоор 56 иргэн суулт хийж байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих