
Баян-Өлгий аймгийн Засаг дарга дураараа дургих нь хэрээс хэтэрч, төсвийн, татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулах гэж буйд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэн аймгийнхаа ИТХ дарга болон Засаг даргадаа албан шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар нь “Орон сууцны корпораци” ХК дэргэдээ байгуулж, үүндээ төслийн ажилтан нэрээр гурван төлөөлөгчид нийт 121,5 сая төгрөгийг олгохоор болсонд сөрөг хүчин МАН-ын төлөөлөгчид “шүгэл үлээж” ийнхүү шаардлага хүргүүлээд байна. Тэд шаардлагадаа “Аймгийн Засаг дарга Е.Зангар нь энэхүү үйлдлээрээ Төсвийн тухай хууль болон Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийг тус тус зөрчиж, Баян-Өлгий аймаг дахь “Орон сууцны корпораци”-д дэмжлэг нэрээр 121,5 сая төгрөг шийдвэрлүүлэхээр өөрийнхөө бүрэн эрхэд үл хамаарах асуудлыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсныг таслан зогсоохыг шаардаж байна гээд уг асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Батырбек, К.Ерген нарт давуу байдал бий болгон, цалин олгох хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд уг асуудлыг хуулийн байгууллагад хандан шалгуулна гэдгээ ч тодотгожээ. Хамгийн гол нь аймгийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн, татвар төлөгчдийн мөнгөөр нэгэн компанид дэмжлэг үзүүлэх нэрийдлээр төслийн нэгжийн гурван ажилтны цалинд 121,5 сая, хүн тус бүрд 40 гаруй сая төгрөгийг олгох болсон хууль бус үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардан аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчид гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.





