
Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрээ өөрчилж, 380В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрхийн хөнгөлөлт эдлэх хэрэглээний дээд хэмжээг сард 3000 кВт.ц болгон нэмэгдүүлжээ. Тус хороо 2026-2027 оны өвлийн улиралд 220В болон 38 В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон айл өрхөд ижил нөхцөлөөр буюу сардаа 1500 кВт.ц хүртэлх цахилгааны хэрэглээнд 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Ингэснээр өмнөх өвөл сард 3000 кВт.ц хүртэлх хэрэглээгээ хөнгөлүүлдэг байсан 380В-ын хэрэглэгчдийн хөнгөлөлтийн дээд хэмжээ хоёр дахин буурсан нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан.
ЭХЗХ уг шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа 380В-ын сүлжээнд холбогдох хүсэлт эрс нэмэгдсэн, эрчим хүчний эх үүсвэр болон түгээх сүлжээний хүчин чадал хүрэлцэхгүй байгаа, мөн хүчдэлийн түвшнээр ялгаатай хөнгөлөлт үзүүлэх нь эрх зүйн зарчимд нийцэхгүй гэж мэдэгдсэн. Түүнчлэн гэр хорооллын цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2026 онд нийт 89 тэрбум төгрөг шаардлагатайгаас 70 тэрбумыг улсын төсвөөс санхүүжүүлж, үлдсэн 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгааг дурдсан юм. Мөн шөнийн цахилгааны хэрэглээ нь сард 1500 кВт.ц-аас давдаг өрх нийт хөнгөлөлтөд хамрагддаг 289.6 мянган өрхийн 2.6 хувийг эзэлдэг гэж мэдээлж байв.
Ийнхүү шийдвэрээ өөрчилснөөр 380В-ын хүчдэлийн сүлжээнд холбогдсон өрх өмнөх өвлийн адил сард 3000 кВт.ц хүртэлх шөнийн хэрэглээндээ хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна. Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг дуустал, оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд үйлчилдэг билээ.




