
Хотын дарга асан Х.Нямбаатараас долоо хоног бүр шууд дамжуулалт хийж, улстөрчидтэй холбоотой ноцтой баримтыг дэлгэсээр буй. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хууль бусаар шалгаруулсан болон түүнд оролцсон хүмүүс их хэмжээний мөнгө авсан талаар мэдэгдсэн. Тэдний нэгээр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг нэрлэсэн ба түүнийг арвансая ам.доллар авсан гэсэн билээ. Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нийслэл хотод тулгамдсан асуудлыг шийдэхээр хотын захиргаанд ажиллаж байсан хүмүүсийн нэг болохын хувьд би Х.Нямбаатарын талаар элдэв юм ярьж байсангүй. Бас ч гэж хотын даргын ажил амаргүйг гадарлана. Хуулийн байгууллагад шалгуулж байгаа хэргийнх нь талаар ч хавтаст хэргийг нь уншаагүй, баримт яг таг харж үзээгүй тул гэм буруутай эсэхийг нь шүүх шалгаж тогтоох биз гэж боддог байв. Харин Х.Нямбаатарыг эх орноо орхиод хилийн дээс алхсныг сонсоод гэм буруугүй юм бол яагаад ийм үйлдэл хийв гэж гайхаж л байлаа. Гэтэл саяхан лайв хийнгээ ямар ч баримтгүйгээр, хэдэн зураг, бичиг эвлүүлж харуулан Хууль зүйн дэд сайд арван сая ам.доллар авсан гэж гүтгэснийг нь хараад энэ хүн бол ямар ч ёс суртахуунгүй, хэнийг ч, яаж ч мэдэх, хулгай зэлгий юу ч хийж чадах хүн гэдэгт хувь хүний дотоод итгэл үнэмшлийн хувьд бат итгэлээ.
Х.Нямбаатар бол 2016-2026 оны тавдугаар сар хүртэлх арван жилийн хугацаанд Монголын улс төрд хамгийн нөлөөтэй байсан арван улс төрчийн нэг. Өөрийнх нь яриад байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил баригдаж эхлэн ашиглалтад оруулсан 2020-2023 онд үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Мөн 2023 оны аравдугаар сард Хотын дарга болоод өнөөдөр гэнэт ухаарсан мэт буруутгаад байгаа Бодь компанитай түмэнд ил байгаагаар лав л 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн захирлын дэргэд нь шахуу ажиллаж байсан Т.Даваадалай гэж нам, улс төрд хэн ч танихгүй залууг гэнэт Хотын намын хорооноос нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж, дэд бүтэц, төсөв, санхүү хариуцсан өөрийн орлогчоор томилсон. Өнөөдөр түүний дэмжсэн, хамтарсан ойр тойрныхон нь үндэслэлгүй хөрөнгөжиж, авлигын хэрэгт шалгуулан, эхнээсээ хэрэг нь шүүхэд шилжээд байна.
Гэтэл би 2019-2021 онд хувийн хэвшилд, их сургуульд ажиллаж, төрөө авлигачдаас цэвэрлэхээр намаас гарч “Авлигын хана хэрмийг нураая” гэсэн уриатай сонгуульд хүртэл нэр дэвшиж явлаа. Арван сая ам.доллар гэдэг асар их мөнгө. Яаж сэтгэхээрээ дугаар хорооны иргэнд тэр их мөнгийг өгнө гэж сэтгэдэг байна!? Арай өөрийнх нь авдаг хэмжээ биш биз. Авлигачид үнэхээр мөнгөний баримжаа алдаж, өөрийнхөө ярьдаг, хэрэглэдэг, үрдэг хэмжээгээр ярьдаг болжээ.
Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол. Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй! Гагцхүү нотлох баримтаа л бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл.
Нотлох баримт гэж хэдэн зураг эвлүүлээд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж хов ярих хөгийн чадвахгүй хуульч, хийсэн үйлийнхээ арыг дааж чадахгүй гадаад руу зугтсан арчаагүй ч эр бол доо, чи. Олон аавын хүү гэмт хэрэг хийгээгүй бол шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод, хийсэн бол хариуцлагаа үүрээд нэр төртэй гардаг юм шүү. Адгийн шаарууд л хулгай нь илрэхээр, хувьсгалч болж, худал гүтгэлэг тараагаад эхэлдэг юм.
Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю эх орон, ард түмнийхээ төлөө өөрийн намын олон авлигачид, хулгайчидтай хатуу тэмцэж, хууль, шүүхээр шалгуулан шударга ёсыг тогтоож, хариуцлага тооцсон. Авлигач, хулгайчдын зарим нь яг “түүн” шиг эх орноосоо зугтааж, Ли Куан Ю-г дарангуйлагч, улс төрийн өрсөлдөгчдөө намнаж байна хэмээн зүхэж байв. Гэхдээ ардчилсан, авлигагүй, цэцэглэн хөгжсөн Сингапурын ард иргэд Ли Куан Ю-д талархаж, “Сингапурын эцэг” хэмээн өргөмжлөн, өдгөө ч хүндэтгэн дурсдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, авлигачдын нуруу тэнийж, ард түмний нуруу бөхийлөө, ардын хүүхдүүд шоронд орж, асар их баяжсан авлигачид гадаад руу зугтаж, Монгол төрийг барьцаалж, доромжилж, ард түмнийг хагалан бутаргаж байна. Тэдний үйлдсэн олон арав, зуун тэрбум, их наяд төгрөгийн хулгай, жинхэнэ нотлох баримттай гэмт хэргүүд өнөөдрийг хүртэл шүүх дээр очоогүй байна. Хэн, ямар албан тушаалтан хаацайлаад байна вэ. Зарим хэргийг шалгах ажлыг тэд 2026 оны дөрөвдүгээр сард ХЗДХ-ийн сайдыг сольж байгаад дарсан, удаашруулсан! Ард түмэн шударга ёсыг шаардаж байна. Одоо цаг нь болсон" гэжээ.




