Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлаар санал хураахад Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 57,9 хувиар дэмжиж, УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 47,4 хувиар дэмжсэнгүй.
Үүний дараа Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэгтэй хамтран эцэслэн батлах горимын саналыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар гаргаж санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.