Талибаны удирдагч төрийн албан хаагчдыг гар утас ашиглахыг хоригложээ

Хуваалцах:
Талибаны удирдагч төрийн албан хаагчдыг гар утас ашиглахыг хоригложээ

Афганистаны Засгийн эрхийг барьж буй Талибан хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахундзада тус бүлэглэлийн гишүүд болон төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон аман тушаал гаргажээ. Хоригийг зөрчсөн хүмүүсийг цэргийн шүүхээр оруулж хариуцлага тооцож магадгүй аж. 

Ахундзадын тушаалыг “Талибан”-ы Хууль зүйн яам Афганистаны найман бүсэд үйл ажиллагаа явуулдаг Дээд шүүхийн цэргийн нэгжийн харьяа цэргийн шүүхүүдийн дарга нарт уламжилсан байна. 

Талибууд өмнө нь ухаалаг гар утас хэрэглэх болон амьд амьтдын зураг, дүрс бичлэгийг нийтлэхэд хязгаарлалт тогтоосон бөгөөд 2025 онд Хайбатулла Ахундзада "Талибан"-ы гишүүдэд ухаалаг гар утасны хэрэглээгээ багасгахыг уриалж байсан юм.

Үүнээс гадна, хэдхэн хоногийн өмнө Талибаны Засгийн газрын Боловсролын яамны Исламын боловсролын хэлтсээс сурагчдыг сургууль болон шашны семинариудад ухаалаг гар утас авчрахыг хориглосон удирдамж гаргасан гэж "Afghanistan International" сонинд бичжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих