“Asia Today”:Хятад, Монголын ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаа нь Өмнөд Солонгост эрсдэл учруулж байна

Хуваалцах:
“Asia Today”:Хятад, Монголын ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаа нь Өмнөд Солонгост эрсдэл учруулж байна

Өмнөд Солонгос  Монголтой чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа хэдий ч Хятадаас хамааралтай нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх гэсэн тус улсын оролдлого нь Бээжингийн зүгээс Монголтой ашигт малтмалын салбар дахь харилцаагаа гүнзгийрүүлж буйтай холбоотойгоор эрсдэлтэй тулгарч болзошгүй байна.

Хятадын Гадаад хэргийн яам болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, Хятад, Монгол улсууд саяхан худалдааг дэмжих зорилгоор тээврийн дэд бүтцээ бэхжүүлэхийн зэрэгцээ чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх алхам хийжээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И зургаадугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ ашигт малтмалын нөөцийн чиглэлээрх одоогийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн чухал ач холбогдолтой ашигт малтмалыг хоёр талын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгох талаар тохиролцсон байна.

Өмнөд Солонгос Монголыг чухал ашигт малтмалын хангамжийн сүлжээгээ төрөлжүүлэхэд чухал түнш гэж тодорхойлсон. Монгол Улс түүхий хүдрийн экспортоос хальж, ашигт малтмалын боловсруулалт, цэвэршүүлэлт рүү тэлэхийг эрмэлзэж байгаа тул хүнд үйлдвэрийг дэмжих хууль тогтоомжийн ажлыг эхлүүлсэн. Хятадын зарим шинжээчид Өмнөд Солонгос, Монголын хамтын ажиллагааг Хятадаас бага хамааралтай хангамжийн сүлжээг бий болгох гэсэн АНУ-ын  хүчин чармайлттай холбож байна.

Хятадын эрдэм шинжилгээний сэтгүүлд  Солонгос-Монголын ховор металлын хамтын ажиллагааны төв болон АНУ-Өмнөд Солонгос-Монголын чухал ашигт малтмалын хэлэлцүүлгийг Өмнөд Солонгос Хятадаас хараат бус нийлүүлэлтийн сүлжээ бий болгох гэсэн хүчин чармайлтын жишээ болгон дурдсан.  Сэтгүүлд “Korea Zinc” нь АНУ-ын засгийн газрын дэмжлэгтэйгээр Теннесси мужид 7.4 тэрбум ам.долларын өртөг бүхий чухал эрдэс баялгийн нэгдсэн хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд уг төслийг Хятадаас хараат байдлаа бууруулах гэсэн стратегийн нэг хэсэг гэж тайлбарлажээ.

“POSCO International” болон LS компаниуд АНУ-д ховор металлыг ялгах, цэвэршүүлэх, байнгын соронзон үйлдвэрлэлийн сүлжээг бий болгохоор ажиллаж байна. АНУ-ын Төрийн департамент 2023 онд АНУ-Өмнөд Солонгос-Монголын гурван талт чухал эрдэс баялгийн хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ энэхүү дэлхийн аюулгүй, уян хатан хангамжийн сүлжээг бий болгох хүчин чармайлтын нэг хэсэг гэж тодорхойлсон.

Шинжээчид Монголын эрдэс баялгийг Өмнөд Солонгосын боловсруулах хүчин чадалтай нэгтгэж, АНУ болон түүний холбоотнуудад үйлчилдэг хангамжийн сүлжээтэй холбож болно гэж мэдэгджээ. Хэрэв Өмнөд Солонгос-Монголын хамтын ажиллагаа АНУ-ын хангамжийн сүлжээтэй нягт холбоотой болж, Хятад дипломат болон худалдааны хариу арга хэмжээ авахад хүргэвэл ашигт малтмалын олборлолт, боловсруулалтаас эхлээд Монголын нөөцөд тогтвортой нэвтрэх хүртэлх төслүүд тасалдалтай тулгарч болзошгүй юм. Энэ тохиолдолд Өмнөд Солонгосын Хятадаас холдох гэсэн хүчин чармайлт нь өөрөө Хятадын нөлөөнд өртөмтгий хэвээр үлдэж магадгүй юм.

https://www.upi.com/Top_News/World-News/2026/08/25/mongolia-critical-minerals-china-rare-earths/1281787700738/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих