ОХУ дэлхийн хамгийн том зэсийн баяжуулах үйлдвэрийг нээжээ

Хуваалцах:
ОХУ дэлхийн хамгийн том зэсийн баяжуулах үйлдвэрийг нээжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэгт тооцогдох Удоканы ордыг түшиглэсэн уулын баяжуулах үйлдвэрийг албан ёсоор нээжээ. ОХУ-ын тэрбумтан Алишер Усмановын эзэмшил бүхий компанийн ажиллуулах тус үйлдвэр 2023 онд зэсийн баяжмал үйлдвэрлэж эхэлсэн боловч гол байгууламжид нь гал гарсны улмаас үндсэндээ дахин шинээр барих шаардлагатай болж байв.

Улмаар төслийн албан ёсны нээлт гурав орчим жилээр хойшилсон нь энэ аж. Өвөр Байгалийн хязгаар дахь Удоканы ордын баяжуулах үйлдвэр нь 99.99 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэх бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 150 мянган тонн байхаар тооцоолжээ. Харин төслийн хоёрдугаар үе шатыг 2028 онд эхлүүлснээр жилд 550 мянга хүртэлх тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхэн шатны хөрөнгө оруулалтын дүн 2.9 тэрбум ам.доллароор хэмжигдсэнийг “The Moscow Times” мэдээлсэн байна. Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төслийн нээлтэд цахимаар оролцсон байна. Удоканаас үйлдвэрлэх зэсийг ОХУ-ын дотоодын зах зээл болон БНХАУ-д нийлүүлэхээс гадна бусад томоохон худалдан авагчидтай урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулахаар хэлэлцэж байгааг төслийн хэрэгжүүлэгч компани мэдээлсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих