
ОХУ-ын худалдааны урт хугацааны түнш болох Монгол Улс тус улсаас (бензин, дизель түлшний гол нийлүүлэгчээс) хамааралтай түлшний хомсдолын нөлөөг мэдэрч эхэлснийг Монголын албаны хүн "Reuters" агентлагт ярьжээ. Өнгөрсөн сард түлшний борлуулалтаа хязгаарласан тус улсын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүссэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон "Reuters"-ийн сурвалжлагчид мэдээлж байв. Бензин, дизель түлшний энэхүү хомсдол нь ОХУ-аас үүдэлтэй бөгөөд тус улсад газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн Украины дроны халдлага болон улирлын чанартай эрэлт нэмэгдсэн зэрэг нь түлшний хомсдолд хүргэжээ. "ОХУ-д үүсээд буй асуудлын талаар би мэдэж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсад түлшний үнэ өссөөр байна" гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Reuters" агентлагт ярьжээ.
Тэрбээр хаврын улиралд нэг литр нь ойролцоогоор 1 доллар байсан үнэ одоо 1.5-2 доллар орчим болж өссөнийг онцолсон байна. ОХУ-ын бензин, дизель түлшний экспортын хоригт түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй Монгол тэргүүтэй улсууд хамаарахгүй буюу чөлөөлөгддөг байна. Худалдаачдын мэдээлснээр, нэгдүгээр сараас долоодугаар сарын хооронд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлсэн дизель түлшний хэмжээ 7 хувиар нэмэгдэж, 1.05 сая тонн хүрсэн байна. Мөн бензиний экспорт 450,000 тонноос 515,000 тонн болж өссөн бол онгоцны түлшний нийлүүлэлт 40 хувиар буурч, 32,000 тонн болжээ.
Зөвхөн долдугаар сард л гэхэд Оросоос Монгол Улсад нийлүүлсэн авто тээврийн түлшний хэмжээ зургадугаар сард 186,400 тонн байснаас 173,000 тонн болж буурчээ. Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Ц.Болорчулуун хэлэхдээ, өнгөрсөн жил Оросоос 100 орчим мянган тонн улаанбуудай худалдаж авч байсан бол энэ жил ургац арвин авах төлөвтэй байгаатай холбоотойгоор тус улсаас авах үр тарианы импортыг бууруулж магадгүйг онцолсон байна. Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Алс Дорнодын бүсэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай уулзаж, хоёр улсын уламжлалт, найрсаг, хөршийн харилцаа өдгөө иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэсэн.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу