
Орос, Хятад "Байгалийн хүч" (өмнө нь "Сибирийн хүч-2" гэгддэг байсан) хоолойгоор дамжуулан Хятад руу Оросын байгалийн хийг нийлүүлэх гэрээний төслийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцсон талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Оросын Шадар сайд Александр Новак "Бид эдгээр асуудлыг Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хэлэлцсэн. Манай компаниуд тодорхой тохиролцоонд илүү хурдан хүрэхийн тулд гэрээний төслийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээн Дорнын эдийн засгийн форумын (EEF) үеэр сэтгүүлчдэд ярьжээ. Өмнө нь Новак тус хоолойгоор хий нийлүүлэх чиглэл болон арилжааны нөхцөлүүдийг хэлэлцэж байгааг мэдэгдэж байсан юм."Байгалийн хүч" гэдэг Оросоос Монгол Улсаар дамжуулан Хятад руу татах, жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч 2” хийн хоолойн төсөл юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр Хятад улсад хийсэн айлчлалынхаа дараа Москва, Бээжин хоёр "Сибирийн хүч-2" (Power of Siberia 2) хийн хоолойг барих тухай хуулийн хүчин төгөлдөр санамж бичигт гарын үсэг зурсан. ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев өмнө нь уг төсөл барилгын ажлын үе шатанд шилжих бэлтгэл ажлын эцсийн шатандаа явж байгааг мэдэгдэж байв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу