Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш таван сарын дараа болж буй төрийн хариу айлчлал гэдгээрээ онцлогтой. Монгол, Францын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Онцгой эрхт түншлэлийн харилцаатай. Тус айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах зэрэг өргөн хүрээг хамарсан асуудлаар санал солилцон, албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм. Тус айлчлалын үеэр:
- Худалдаа, эдийн засаг, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, геологи, холбооны хиймэл дагуул, онцгой байдал, соёл зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурна.
- Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний хомсдлын эсрэг хоёр улсын санаачилга, зорилтуудыг уялдуулан хамтран ажиллана.
- Хот төлөвлөлт, автозамын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг чиглэлээр Улаанбаатар, Парис хотын хамтын ажиллагааг дэмжинэ.
- Францын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийнэ.
- Морин хуурын чуулга Парис хотын Версалийн ордны Хааны театрт тоглолтоо сонирхуулна.
- Айлчлалын үеэр Монгол-Францын бизнес форумд оролцоно.