
Түрээсийн цахилгаан скутерууд нь одоогоор дэлхийн хамгийн түгээмэл тээврийн хэрэгслийн нэг гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотуудын гудамжинд цахилгаан скутерууд байх нь түгээмэл үзэгдэл болсон. Гэвч тэд явган хүний зам, гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэж байна гэсэн гомдлууд нэмэгдэж, осол аваар ихэссэнтэй холбоотойгоор хяналтаа чангатгаж байна. Австралийн Мельбурн хотын албаны хүмүүс олон зуун гомдол, ослын талаарх мэдээллүүдийн улмаас болон аюулгүй байдлын үүднээс цахилгаан мотор түрээслэхийг бүхэлд нь хоригложээ. Мельбурн хотын зөвлөл цахим скутерийн оператор болох “Lime” болон “Neuron”-той байгуулсан гэрээгээ цуцалжээ. Мельбурн хотын дарга Николас Рис өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол Мельбурн хотын явган хүний замд үүссэн асуудлыг зогсоож, манай хотыг дахин аюулгүй болгох боломж" гэж мэдэгджээ. Мельбурн 2022 онд байгаль орчинд ээлтэй, зардал багатай аялах арга зам гэж үзэн туршилтаар нэвтрүүлснээр цахим скутер богино хугацаанд олонд танигдаж, гол хэрэглээ болсон. Үүний зэрэгцээ, сүүлийн хоёр жил хагасын хугацаанд хотын нүүрстөрөгчийн ялгарлыг 400 гаруй тонноор бууруулахад тусалсан гэж энэ сарын эхээр гаргасан Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Гэхдээ осол, гэмтэл ихэссэн байна. “Royal Melbourne” эмнэлэгт 2023 оны цахим скутертэй холбоотой бэртэл гэмтэл, тэр дундаа хүний амь нас хохирсон осол зэргийг дурдаж, цахим скутер хэрэглэгчдийн аюулгүй байдлын арга хэмжээг сайжруулахыг хотын захиргаанаас уриалсан байна. Ихэнхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр түрээслэх боломжтой байдаг бөгөөд тэд цагт хамгийн дээд тал нь 25 км хурдлах боломжтой.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу