
Тайландын нийслэл Бангкок хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр бүтэн сарын хур тунадастай тэнцэх хэмжээний бороо орж, хот даяар авто зам, орон сууцууд усанд автаад байна. Тайландын Засгийн газар төрийн байгууллагуудыг түр амрааж, эдийн засгийн статистик мэдээллүүд нийтлэх хугацааг хойшлуулжээ.
Баасан гарагаас хойш Бангкокт 305 орчим миллиметр хур тунадас орсон нь тус хотод жилийн хамгийн чийглэг саруудын нэг болох есдүгээр сард ордог тунадасны хэмжээтэй ойролцоо үзүүлэлт юм. Их хэмжээний үерийн ус нам дор бүсэд орших Бангкок хотын ус зайлуулах системийн хүчин чадлыг давснаар томоохон авто замууд усанд бүрэн автаж, автомашинууд живэх нөхцөл үүсжээ. Мөн зарим хороололд үерийн ус хүний цээжээр татах түвшинд хүрч нэмэгдсэн байна.
Одоогоор үерийн улмаас хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Хэдийгээр энэ удаагийн үер нь Бангкок хотын өдөр тутмын амьдралд хүндрэл учруулсан ч олон зуун хүн амь үрэгдэж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байсан 2011 оны их үертэй харьцуулахад хохирлын түвшин хамаагүй бага байгаа юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу