
Ираны дайнаас шалтгаалан газрын тосны зах зээлд томоохон хямрал нүүрлэж, дэлхийн нийт нийлүүлэлтийн 7.5 хувьтай дүйцэх хэмжээний хохирол учраад байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) мэдээлжээ. “Ойрхи Дорнод дахь дайн дэлхийн газрын тосны зах зээлийн түүхэн дэх нийлүүлэлтийн хамгийн том тасалдал үүсгээд байна” хэмээн тус байгууллага мягмар гарагт гаргасан сарын тайландаа онцолжээ. Өмнөх өдөр нь тус байгууллагын гишүүн орнууд зах зээлийг намжаах үүднээс яаралтай үед ашиглах нөөцөөсөө анх удаа 400 сая баррель газрын тос нийлүүлэхээр тохиролцоод байсан юм.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иран улсад довтолсноор газрын тосны үнэ өсөж, нэн чухал усан зам болох Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоцны хөдөлгөөн үндсэндээ зогссон юм. Өнгөрсөн онд тус хоолойгоор 20 сая тонн түүхий газрын тос тээвэрлэгдэж байсан бол өдгөө нийт урсгал нь 90 гаруй хувиар буураад буйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолжээ. Түүнчлэн дайнаас шалтгаалж энэ сард дэлхийн газрын тосны нийлүүлэлт өдрийн найман сая баррелиар буурахыг онцолсон байна. Шатахуун, түлшний үнэ өсөж, нислэгүүд цуцлагдаж, эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа нь газрын тосны эрэлтэд хүчтэй нөлөөлснөөр 2026 онд дэлхийн газрын тосны нийт хэрэглээний өсөлт 25 орчим хувиар буурч, өдрийн 640 мянган баррель болох тооцоолол мөн гаргажээ.
Сүүлийн байдлаар Ойрх Дорнодын нөхцөл байдал эргэн хурцдаж, пүрэв гарагт Иракийн эргийн ойролцоо явсан газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг цохилтод өртсөний сацуу Дубай хотод орон сууцны барилга, Кувейтийн олон улсын нисэх буудал руу дроноор довтолжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу