
Йорданы Амман хотноо Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн 9 дэх өдрөө үргэлжилж, эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанд Монголын 5 тамирчин хүч үзэж, 4 нь медалийн өнгөө хувиргаж чадсангүй.
Харин энэ өдрийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай, Узбекистаны хүчтэй боксчныг 4:1-ээр ялж тивийн аваргын алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тэрбээр Ази тивийн 2022 оны аваргын төлөө Йорданы тамирчин Мухамед Абу Жажентай тулалдах юм.
Ийнхүү өнөөдөр залуу тамирчин Т.Номин-Эрдэнэ 60 кг-д БНСУ-ын боксчин Азийн наадам болон тивийн аварга О Ёон Жи-тэй 19 баг 30 минутаас аваргын төлөө тулалдана
Хагас шигшээ тулаанд 51 кг-д ОУХМ Х.Энхмандах, “Рио-2016” олимпын аварга, Узбекистаны Хасанбой Дусматовтой тулалдахдаа эхний раунд 4:1-ээр илүүрхэж ялсан ч сүүлийн 2 үед оноо алдаж 5:0-ээр ялагдлаа.
Мөн 57 кг-д залуу тамирчин Г.Лундаа ДАШТ-ий мөнгөн медальт, Узбекистаны Абдумалик Халаковт 5:0-ээр ялагдаж туршлагаа ахиуллаа.
Харин 67 кг-д ОУХМ Б.Чинзориг, Тайландын Бунжон Синсирид 4:1-ээр, 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медальт Казахстаны Асланбек Шембергеновт 4:1-ээр тус тус ялагдаж, Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна.
Ийнхүү Дэлхийн армиудын болон Ази тивийн аварга ОУХМ Б.Чинзориг, ОУХМ О.Бямба-Эрдэнэ нарын хашир туршлагатай, мастерууд энэ удаа өрсөлдөгч боксчидтойгоо эн тэнцүү ширүүхэн тулалдсан ч ялж чадсангүй.
Тивийн АШТ-ий 13 жинд эрэгтэйчүүд өрсөлдсөнөөс алтан медалийн төлөө 8 орны боксчид тунаж үлдсэнээс Казахстаны 9, Узбекистаны 7, Йорданы 4, Тайландын 2, Монгол, Энэтхэг, Япон, Филиппин тус бүр нэг боксчин шалгараад байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу