
Нийслэлийн МАН-ын Бага хурал арваннэгдүгээр сарын 7-нд буюу бямба гарагийн 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдах товтой. Нийслэлийн намын хорооны даргаар Х.Нямбаатар ажиллаж буй бөгөөд тэрбээр энэ удаагийн хуралд цахимаар оролцож, түүний ажлын тайланг сонсох ба дараагийн даргадаа тамгаа шилжүүлж өгөх учиртай юм. Ташрамд, Х.Нямбаатар 2024 оны тавдугаар сарын 18-нд Д.Сумъяабазараас намын тамгаа гардан авч байсан бөгөөд хоёр жилийн хугацаанд ажилласан байна.
Нийслэлийн МАН-ын Бага хурал одоогоор 489 гишүүнтэй, дөрвөн дэд даргатай. Нийслэлийн намын тэргүүлэгчдээр Ерөнхий сайд Н.Учрал, дүүргийн намын хорооны дарга нар, Хотын дарга, НИТХ-ын дарга, зарим УИХ-ын гишүүн зэрэг 25 тэргүүлэгчтэй. Энэ удаагийн Бага хурлаар намын хорооны даргаа өөрчлөхөөс гадна тэргүүлэгчид, хяналтын хорооны бүрэлдэхүүн, дэд дарга нараа ч солино гэсэн мэдээлэл байна. Одоогийн бүрэлдэхүүний олонх Х.Нямбаатарын баг учраас ийнхүү бүтцийг сууриас нь шинэчлэхээр болсон аж.




