
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент баталсан бол эгүүлэн татах болзлыг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар эн тэргүүнд хангахаар байна.
УИХ-ын Тамгын газрын ирцийн мэдээгээр, УИХ-ын гишүүн Х.Баттулга 50 удаа, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 36 удаа УИХ-ын чуулганыг тодорхойгүй шалтгаанаар тасалжээ. Мөн Х.Баттулга 37 удаагийн гадаад томилолтод явсан бол Б.Батцэцэг гишүүн 30 удаагийн гадаад томилолт авчээ. Түүний хувьд Гадаад харилцааны сайдын алба давхар хашдаг тул ажил үүргийнх нь онцлог нөлөөлдөг байна. Түүний дараа Шадар сайд Т.Доржханд 29 удаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 26 удаа гадаад улсыг зорьжээ. УИХ-ын дийлэнх гишүүд ямар нэгэн байдлаар гадаадад хэдэнтээ зорчсон бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Н.Алтаншагай, Г.Тэмүүлэн нар нэг ч удаа яваагүйгээрээ ялгарч байна.
Таслалт, чөлөө авснаараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн бол УИХ-ын даргаасаа бууснаас хойш ажилдаа ирэх нь ховордсон Д.Амарбаясгалан гишүүн 29 удаагийн чөлөө авч удаалжээ. Түүний араас УИХ-ын гишүүн С.Амарсайхан 25 удаа чөлөө авснаар жагсчээ. Харин хамгийн их буюу 15 цаг хоцорсон гишүүнээр Д.Ганбат "тодорчээ". Анзаараад байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан эрхмүүд УИХ-ын чуулгандаа идэвхийлэн оролцож, үлгэр дууриалал үзүүлэх атал эсрэгээрээ тааллаараа оролцдог нь жишиг боллоо.
Тоон үзүүлэлтээс харахад парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ирц хүрээгүйн улмаас Байнгын хороодын хуралдаан 38 удаа, ирц бүрдсэн ч зөвшилцөл хангаагүйн улмаас Байнгын хороодын хуралдаан 19 удаа, нийтдээ 57 удаагийн хуралдаан тасалдсан байна.




