Монголын Банкны холбооноос "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа", “Банкны салбарын 2022 оны тойм" судалгааг танилцууллаа.

Банкны салбарын үзүүлэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар харьцангуй тогтвортой, өсөлттэй байна. Банкны нийт салбарын актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 их наяд төгрөг буюу 9 хувиар өсжээ. Тэр дундаа системын нөлөө бүхий таван банкны хоёр буюу Голомт банк, Төрийн банк IPO амжилттай гаргаад байгаа юм.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар: "Энэ удаагийн банкны салбарын тоймын нэрийг та бүхэн онцолж харах юм бол "Үүлэн чөлөөний наран" гэж нэр өгсөн. Яагаад ингэж нэр өгсөн бэ гэвэл 2023 онд нэгдүгээрт, Уул уурхайн салбар сэргэх дүр зураг харагдаж байна. Үүнд Оюу-Толгойн гүний уурхайн сэргэж зэсийн экспортод хувь нэмрээ оруулахаар байна. Хил гаалийн хүндрэл энэ жилээс сулрахаар байна. Нүүрс экспорт, автотээвэр, төмөр зам зэрэг боломжууд харагдаж байна.
Банкны нийт салбарын актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 их наяд төгрөг буюу 9 хувиар өсөлттэй байсан. Монголын эдийн засгийг гол хойш татаж байсан зүйл бол инфляцын түвшин. Инфляц өсөх голлох хүчин зүйл нь тээвэр, ложистикоос шалтгаалаад нийлүүлэлт багассан учир бодлогын хүүг өндөр тавьж өгөх шаардлага гарсан.
Банкны салбар үргэлжлүүлэн зээл олгосоор байна. Иргэдэд олгосон зээл 40 хувийн өсөлттэй байна.
Зээлийн чанарын хувьд 10 зээл тутмын нэг нь чанаргүй хэвээр байна. Сүүлийн жилүүдэд өндөр байгаа үзүүлэлт. Одоогоор 9.2 хувьтай байна. Хамгийн их доош татаад байгаа салбар бол уул уурхайн салбар гурван зээл тутмын нэг нь чанаргүй, барилгын салбар таван зээл тутмын нэг нь чанаргүй байна.
Иргэдэд олгох зээл хэвийн байгаа боловч картын зээлийн эргэн төлөлт муудсан байна. Автомашины зээл эргэн төлөлт муудсан.
Албан ёсны салбараас гадна бусад салбараас олгогдож байгаа зээлүүд иргэдийг өрийн дарамтад оруулах, орлого бууруулж байна.
Хадгаламжийн хүү нэмэгдэх хүлээлттэй байна. Яагаад гэвэл бодлогын хүү 2022 оноос хойш тогтмол нэмэгдүүлсээр байгаад 13 хувьд хүрээд байна. Зээлийн хүү хадгаламжийн хүүг дагаж огцом нэмэгдээгүй байна. Хатуу бодлого удаан үргэлжилбэл зээлийн хүүг өсгөх зэрэг сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тээвэр ложистик, төлбөрийн тэнцэл хэвийн байгаа учир бодлогын хүү энэ ондоо аажмаар буух байх гэсэн хүлээлттэй байна" гэлээ.




