
Орос, Монгол хоёр Улаанбаатараас ОХУ-ын Эрхүү, Красноярск руу нэмэлт нислэг зохион байгуулж, Улаанбаатар-Владивостокийн хооронд агаарын харилцааг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Александр Козлов Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ТАСС агентлагт ярьжээ. Тэрбээр "Бид энэ зорилтыг Зам тээврийн яамдын түвшинд ярилцсан бөгөөд манай хамт олон одоо энэ чиглэлээр ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар-Москвагийн нислэг ч биш. Бид Монголын талтай Эрхүү, Красноярск руу агаарын нэмэлт нислэг, мөн хот хоорондын нислэгийн талаар ярилцаж байна” гэжээ. Гэхдээ шууд нислэг хангалтгүй байгаагаас шалтгаалаад Монгол бол оросуудын аялал жуулчлалын хувьд тийм ч алдартай газар биш гэдгийг тэрбээр мөн тодотгожээ. 2024 оны есдүгээр сарын 3-6-нд Владивосток хотын Алс Дорнодын холбооны их сургуулийн хотхонд Дорнын эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ жилийн эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдэв нь "Алс Дорнод 2030. Шинэ боломжуудыг бий болгохын тулд хүч чадлаа нэгтгэх нь" юм. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ-ын хамгийн том олон улсын бага хурлын нэг юм. Тус форум 2015 оноос хойш Владивосток дахь Приморскийн бүс нутгийн Русский аралд зохион байгуулагдаж байна. Форумыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санаачилсан.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу