
Судлаачдын үзэж буйгаар шөнөдөө 15 минут илүү унтах нь эрт нас барах эрсдэлийг эрс бууруулахад чиглэсэн амьдралын хэв маягийн жижиг өөрчлөлт байна. Биеийн тамирын дасгал хөдөлгөөний чиглэлээр судалгаа хийдэг профессор Эммануэль Стаматакис "The Independent" сонинд өгсөн ярилцлагадаа хэрэв та амьдралынхаа гурван талбарт бага зэрэг өөрчлөлт нэгэн зэрэг хийвэл энэ нь таны наслалтад мэдэгдэхүйц нөлөөлнө гэж мэдэгджээ. Түүний баг найман жилийн хугацаанд 60,000 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тэдний унтах хугацаа, дасгал хөдөлгөөнд зарцуулсан цаг хугацаа болон хоол тэжээлийн чанарын оноог (DQS) судалсан байна.
100 оноогоор хэмжигддэг DQS оноо нь хүнсний ногоо, жимс жимсгэнэ, загас, сүүн бүтээгдэхүүн, бүхэл үрийн бүтээгдэхүүн, ургамлын тос, боловсруулсан үр тариа, боловсруулсан болон боловсруулаагүй махны хэрэглээнд үндэслэн тодорхойлогддог. Өмнө нь хийгдсэн судалгаагаар Их Британийн долоон хүн тутмын нэг нь NHS-ийн (Үндэсний эрүүл мэндийн алба) зөвлөдөг 7-9 цагаас хамаагүй бага буюу таван цагаас доош хугацаанд унтдаг болох нь тогтоогдож байв.
Профессор Стаматакисын багийн судалгаагаар, хэрэв өдөрт 5.5 цаг унтаж, өдөрт ердөө 7.3 минут дасгал хийж, DQS оноо нь 36.9 байвал амьдралын хэв маягтаа жижиг өөрчлөлт оруулах замаар нас барах эрсдэлээ мэдэгдэхүйц бууруулах боломжтой аж. Өдөрт 15 минут илүү унтах, дасгал хөдөлгөөнийг 1.6 минутаар нэмэгдүүлэх, хүнсний ногооны хэрэглээг хагас порцоор нэмэх (эсвэл долоо хоногт боловсруулсан махны хэрэглээг нэг порцоор багасгах) зэрэг нь нас барах эрсдэлийг 10 хувиар бууруулах боломжтой байна.
Хэрэв та үүнээс цааш ахиж, өдөрт нэмэлтээр 75 минут унтаж, дунджаас өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөнд өдөрт 12.5 минут зарцуулан, DQS оноогоо 25 оноогоор ахиулж 61.9-д хүргэвэл нас барах эрсдэл тань даруй хоёр дахин буурах аж. Удаан хугацаанд хангалттай унтаж амрахгүй байх нь таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрхний өвчин болон тархины цус харвалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар мөн нотолсон. Австралийн судлаачдын тогтоосноор хамгийн тохиромжтой хослол нь 7.2-оос 8 цаг унтах, 42-оос 103 минутын турш дунджаас өндөр эрчимтэй дасгал хийх аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу