
Европын албаны хүмүүсийн зүгээс ОХУ тэдний улс орнуудад дайны аюул учруулж байна хэмээн мэдэгдэж буйг Ерөнхийлөгч Владимир Путин “улс төрийн шизофрени” гэж нэрлэжээ. Тэрбээр энэ тухай пүрэв гарагт Москва хотын Большой театрт болсон Театрын ажилтнуудын холбооны их хуралд оролцсоныхоо дараа сэтгүүлч Павел Зарубинтай ярилцах үеэрээ тодотгосон байна. Путин Москва Европтой хийх дайнд ямар нэгэн байдлаар бэлтгэж байна гэх удаа дараагийн мэдэгдлүүдийг эрс няцааж, үүнийг Европ тивд өрнөж буй “Оросын эсрэг кампанит ажлын” нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
“Тэд одоо бүр “Оросын аюул занал”-ын талаар байнга ярьж, Оростой хийх дайны бэлтгэлийн тухай хэлэлцэхэд хүрээд байна. Миний бодлоор бол энэ нь нэг төрлийн улс төрийн шизофрени (сэтгэцийн эмгэг)-тэй дүйцэхүйц зүйл юм. Гэхдээ энэ байдал арилна гэж найдаж байна” хэмээжээ. “Украины мөргөлдөөн нь Оросыг тулааны талбарт ялах боломжгүй гэдгийг тодорхой харууллаа. Тэд Оростой эв найртай амьдрах нь дээр гэдгийг, өөрөөр хэлбэл энэ зам нь тэдний өөрсдийн ард түмний ашиг сонирхолд үнэхээр нийцэх зам гэдгийг ойлгоно гэж найдаж байна.
Хэрэв та өнөөдөр Европт өрнөж буй улс төрийн үйл явцыг ажиглавал, Европын ард түмэн Оростой дайтах хүсэлгүй байгаа нь тодорхой харагдана” гэж Ерөнхийлөгч ярьжээ. Түүнчлэн ОХУ ч гэсэн Украинтай дайтахыг хүсэхгүй байгааг Путин онцлоод, “2014 онд Киев өөрөө дайныг сонгосон. Тухайлбал, “Майдан”-ы төрийн эргэлтийг эсэргүүцсэн Донбассын (тухайн үед Украины бүрэлдэхүүнд байсан) ард иргэдийн эсрэг Киев дайн хийх замыг сонгосон бөгөөд уг мөргөлдөөнийг зохицуулахад зуучлах гэсэн Москвагийн олон удаагийн оролдлогыг ч Украин улс хүлээж аваагүй.
Хэрэв Украины одоогийн удирдлага тулалдахыг хүсэж байгаа бол тулалдаг л дээ. Гэхдээ тэд яагаад бусад хүмүүс зардлыг нь дааж, зэвсгээр хангахыг хүлээгээд байгаа юм бэ. Тэдэнд өөрсдийн гэсэн үндэслэл байгаа байх, магадгүй энэ нь өмнө нь өгсөн тусламжийн амлалтуудтай холбоотой биз” гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу