
Энэ сарын 6-ны өдөр Увс аймгийн МАН-ын XXXII бага хурал болж, намын даргаа сонгосон байдаг.
Намын даргын сонгуульд аймгийн ЗДТГ-ын дарга асан С.Батжаргал ялалт байгуулсан.
Гэвч уг сонгууль хууль бус болсон гэж дүгнэх баримт байна. Учир нь ХААНБанктай нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж Увс аймгийн МАН-ын 1018 гишүүний гарын үсэгтэй “намын хорооны хурлыг будлиантуулж, намын удирдлагыг дүрмийн бусаар хууль зөрчиж авсан тул уг хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ирүүлээд байгаа гэнэ.
Урьдчилсан байдлаар МАН-ын "Цахим сан" дахь 785 гишүүний мэдээллийг хасаж, Ардчилсан намын болон нам бус иргэдийн мэдээллээр сольсон нь тодорхой болоод байгаа юм байна. Цахим санд халдсан үйлдлийг тодруулбал, Увс аймгийн МАН нь 95 үүртэй. Үүр бүрийн гишүүдийн бүртгэлийг Ч.Хүрэлбаатарын бүлэглэл сольж, гишүүдээ хасаж, оронд нь АН-ын гишүүд болон нам бус иргэдийг нэмсэн ба одоогоор 785 гишүүний мэдээллийг сольж, МАН-ын "Цахим сан"-д халдсан нь тодорхой болжээ.
МАН-ын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдаас тодруулахад “Надад одоогоор мэдээлэл ирээгүй байна. Намын ёс зүйн хяналтын хороо шалгаж байгаа байх” гэсэн хариултыг өглөө.
Харин МАН-ын Ёс зүйн хороо уг гомдол, тогтоогдсон баримтын талаар дотооддоо хяналт шалгалт явуулж байгаа. Дүн эцэслэж гарсны дараагаар Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Увс аймагт ажиллахаар төлөвлөөд байгаа гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу