ЦЕГ: Наадмын үеэр хулгай, зодооны арван хэрэг, зөрчил бүртгэгдсэн

Хуваалцах:
ЦЕГ: Наадмын үеэр хулгай, зодооны арван хэрэг, зөрчил бүртгэгдсэн

Үндэсний их баяр наадмын хамгаалалт, зохицуулалтын хүрээнд долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 10 хэрэг, 46 зөрчил бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн хоёр нь халаасны хулгай, найм нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг байсан бөгөөд ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй зодоон, маргаан байжээ.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг “Төв цэнгэлдэх хүрээлэнд 713, Хүй долоон худагт 841 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Мөн баяр наадмын үеэр халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-нд нэг, долоодугаар сарын 12-нд хоёр, нийт гурван халаасны хулгайн хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг олон хүн цугларсан газарт сонор сэрэмжтэй байж, гар утас, түрийвч зэрэг хувийн эд зүйлсдээ анхаарч, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх