Сайн байна уу? Хүндэт уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Туг.мн сайтын ярилцлагын буланд “Иргэний сэтгүүл зүй гэж юу вэ ” өнөөгийн нийгэмд ямар байр суурийг хэрхэн эзэлж байгаа талаарх сонирхолтой яриаг өрнүүлснээ хүргэж байна. Тус асуултад “Глоб Интернэйшнл” ТББ-ын тэргүүн хатагтай Х.Наранжаргалтай ярилцлаа.
-Иргэний сэтгүүл зүй гэдэг нь анх иргэн хүний өөрийн оролцоог нийгэмд нэмэгдүүлэх зорилготой үүссэн гэдэг. Өөрөөр хэлбэл иргэн хүн өөрийн тулгамдаж буй асуудал, санаа бодолд үндэслэсэн өөрсдөд хамаатай зүйлдээ анхаарал хандуулан шийдвэрлэх гэсэн нэр томъёо юм. Сүүлийн үед энэ нь техник технологитой холбож тайлбарлагдах болжээ. Учир нь интернэт сошиал, мэдээллийн эрэн зуунд эгэл жирийн хүн бүр сэтгүүлчийн эрхэлдэг үйл ажиллагаатай төстэй зүйлийг хийх боломжтой болсон.

Сэтгүүлч хүн зөвхөн сэтгүүлзүйн үйл ажиллагааг хийх боломжтой гэж хэлбэл Сэтгүүл зүйн үйл ажиллагаа гэж чухам юу юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Сэтгүүлзүй нь баримт нотолгоо, мэдээллийг цуглуулж, боловсруулж, түгээдэг мэргэжил. Ингэхдээ олж авсан мэдээллээ нямбай нягтлах үүрэгтэй. Харин жирийн иргэний хувьд дээрх мэргэжлийн баримтлах зүйлсийг нягталж, зураг аваад тайлбар бичээд тавих боломжтой бүрэн бүрдсэн.
Тэгвэл мэргэжлийн сэтгүүлч хэрхэн ялгарах вэ? Сэтгүүлч гэж хэн юм бэ? гэсэн асуулт нь олон улсын анхаарлын төвд орж 2005 оноос хойш НҮБ-ын хурлуудаар эрх бүхий мандаттай байгууллага буюу Юнескогийн янз бүрийн тодорхойлтууд гарсаар ирсэн.
Хамгийн сүүлд сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт гэх Юнескогийн гарын авлага д -Сэтгүүлч гэж чухал хэн юм бэ? гэсэн тодорхойлолт байгаа. Анх нийгмийн сүлжээнд интернетийн орчинд сэтгүүлзүйтэй адил төстэй ажил хийгээд байгаа энэ хүмүүсийг ч гэсэн сэтгүүлч гэж үзэх юм биш үү гэсэн хэлэлцүүлэг нилээн урт хугацаанд яригдаж байсан. Эцсийн дүндээ сэтгүүлч хүн гэдэг тодорхойлолтыг нийгмийн сүлжээнд тодорхой хэмжээгээр нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлаар задлан дүн шинжилгээ хийдэг блокчдыг ч энэ сэтгүүлч гэсэн хүрээлэлд хамруулан авч үзэхээр болсон. Яагаад гэвэл тухайн хүн нийтлэлээ бичихийн тулд, сошиал медиагаар хуваалцахын тулд яг сэтгүүлчийн хийдэг ажил шиг боловсруулах шатандаа факт, эх сурвалж хайж байдаг. Ийнхүү сэтгүүл зүйн хэм хэмжээнд авч хэлэлцэхүйц зүйлийг нийтлэж чадаж байгаа учир тэднийг сэтгүүлзүйн хүрээлэлд оруулж байгаа юм.
Иргэдийн оролцоог сэтгүүл зүйд хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Иргэдийн оролцоог сэтгүүлзүйд нэмэгдүүлэхтэй холбоотой интерактивный центр буюу харилцан үйлчлэлийн тухай асуудал мөн гарч ирсэн. Энэ нь ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан түүнийг хүлээн авч буй сонсогч, уншигч, үзэгчдийнхээ өмнө асар том хариуцлагыг хүлээх асуудал гарч ирдэг. Тиймээс хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл бүхий бүтээгдэхүүнийг хүргээд зогсох биш байнгын эргэх холбоотой байх нь чухал. Ингэснээр тэдний санал бодол дээр үндэслэсэн бодитой нийтлэл боловсруулахад дөхөм. Үүнээс гадна камените журналист буюу ямар нэгэн нийтлэг ашиг сонирхолтой ямар нэгэн хүйн холбоотой хүмүүсийг хэлээд байгаа юм. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран нэг телевизийг ажлууллаа гэхэд тэд өөрсдөд тулгамдаж байгаа хүмүүсийн эрх ашгийн төлөө хэвлэн нийтэлж тэмцэх юм. Тодорхой нийгмийн хүрээлэлд буй хүй олны мэдээллийг дэлгэн гаргах төлөөллийг мэдээллийн хэрэгслүүд татан оруулах нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэх юм. Ингэснээр тус нийгмийн хүрээллийн уншигч, сонсогч, үзэгчдийг зугаацуулан цэнгүүлж, соён гэгээрүүлэхээс гадна сэтгүүлчийн хоточ нохойн үүргийг маш сайн биелүүлж байгаа хэрэг юм.
Үүнийг дагаад иргэний сэтгүүлзүйд өөрийн гэсэн зарчим бий. Мэдээлэл үнэн зөв, эх сурвалжтай, нягт нямбай байх хэрэгтэй гэгчлэн сэтгүүлзүйд тавигддаг шаардагууд яг адил мөрдөгдөнө. Өнөөгийн мэдээллийн эрэн зуунд мэдээллийг түгээх, хуваалцах нь асар хурдтай явагдаж байгаа нөхцөлд ухаалаг утас байхад л ямар ч сурвалжлага хийгдэх боломжтой болсон. Мэргэжлийн сэтгүүлчдийн өмнө ямар зүйл тулгамдаж байна вэ гэвэл иргэний сэтгүүлзүй, мэргэжлийн сэтгүүлзүй хоёрын ялгаа нь яг юу вэ? гэсэн асуудал дээр толгойгоо ажиллуулах явдал юм. Мэргэжлийн стандарт, ёс зүйн хэм хэмжээг сахин баримтлах өөрийн зохицуулалт тал дээр мэргэжлийн сэтгүүлзүй, иргэний сэтгүүлзүйгээс зайлшгүй ялгарах ёстой.
-Монголд хуулийнхаа дагуу иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа боловч ихэнх хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд хэн нэгэн бизнесмэн, эрх мэдэлт албан тушаалтан, төрийн байгууллагаас санхүүжиж хараад байдаг. Энэ үед иргэний сэтгүүлзүйн үүрэг голлох байр суурийг эзлэх болоод байгаа нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна иргэдийг тархи угаалтаас хамгаалж, үнэн бодитой мэдээллийг хүргэх асуудлыг нэг тийш нь шийдэх тал дээр түлхүү анхаарлаа хандуулах эрх бүхий нөхцөл нь хангагдаад явах сайн талтай. Тэгвэл та энэ тал дээр ямар байр сууртай байна?
-Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл бус байна. Аливаа бизнесийг эрхлэхэд тус бизнес нь үр ашигтай байх эдийн засгийн нөхцөл байх хэрэгтэй. Гэвч хэвлэл мэдээлэл нь өөрөө бараа таваар, хоол хүнс зарахтай адил биш юм. Жишээ нь буруу технологиор хоол хийж зарлаа гэхэд идсэн хүн хамгийн түрүүнд ходоод гэдэс нь өвдөж цаашлаад үхэлд хүрэх магадлалтай. Харин мэдээллийн бизнесийг хийснээр олон нийтийн эрх ашигт үйлчлэх юм. Гэвч өнөөгийн нөхцөлд улс төрийн эрх ашиг, бизнесийн эрх ашигт үйлчлээд хоорондоо найзлах нь найзалж, дайсагнах нь дайсагнаж хуваагдаад байна. Иргэдэд өгөх жинхэнэ үнэн мэдээлэл хүрэхгүй болохоор тархи нь угаагдаж оюун ухааны мөхөлд хүргэх аюултай. Тийм ч учраас сэтгүүлч хүнд хэлэх гэдэг нь хамгийн нэн түрүүнд тавигдах эрх, ашиг бий.
Иргэн бүр аливаа зүйлд анхаарлаа хандуулан араас нь төдийлөн явж асуулдыг шийдвэрлэх хэцүү. Тиймээс сэтгүүлч хүн өөрийн хэлэх эрх ашгийг ашиглан хоточ нохойн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Олон нийтийн итгэл найдвар хэвлэл мэдээлэлд байдаг. НҮБ-аас Хэвлэл мэдээллийн хэрэгслийг гурван янзаар авч үздэг. Нэгт олон нийтийн, хоёрт хүй олны хэвлэл, арилжааны хэвлэл мэдээлэл юм. Хэвлэл мэдээлэл өндөр хөгжихийн хэрээр бизнесийн шинэ моделиуд гарч ирж байгаа.
Төрөөс хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг. Хэвлэл мэдээллийн олон талт байдлыг дэмжихийн тулд тодорхой хэмжээгээр санхүүжилт үзүүлдэг. Гэхдээ тус санхүүжилтийг ардчилал нь төлөвшсөн, хүнээ дээдэлдэг улс оронд зөвхөн хүйн хэвлэл мэдээлэл болон олон нийтийн радио телевизд л өгдөг. Засгийн газарт мэдээж олон нийтэд хүргэх мэдээлэл байгаа юу, байгаа. Тиймээс Засгийн газар санхүүжилт гаргаад мэдээллээ олон нийтэд түгээхэд буруу байхгүй. Харин гажиг нь юундаа байна вэ? гэвэл ил тод биш байгаадаа юм. Хэн хэдэн төгрөг авч ямар зүйлд зарцуулаад байгаа нь оньсого. Монгол Улсын хэмжээнд 70 телевиз байхад яагаад хоёрхон телевизээр Засгийн газрын бодлогын сурталчилгаа явагдаад байна гэдэг үнэхээр анхаарал татам. Бүх зүйл нээлттэй, бүгдийн өмнө ил тод байх хэрэгтэй.
Эх сурвалж:TUG.MN
Э.Намуунзаяа





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу